• Монгол
  • English
Нvvр хуудас  
2010/09/09
ЧЕХ УЛСАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ТУХАЙ PDF Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2009/12/22

Бүгд Найрамдах Чех улсын өдөр тутмын хэвлэл “Лидове новины” сонины  2009 оны 12 дугаар сарын 12-ны Бямба гаригийн дугаарт “Гадаадынхан буцахыг хүсэхгүй байна. Нутагтаа бүр бага орлого олдог аж” гэсэн гарчигтай нийтлэлийг сурвалжлагч Милан Видлак бичжээ.Үүнд:

Монголын иргэн 40 настай Батсуурь хоёр жилийн өмнө Чехэд иржээ. Нутагтаа дэлгүүр түрээслэн ажиллаж орон нутгийнхаа түвшинд муугүй амьдарч байснаа Чехэд ажиллах боломжийн талаар сонсоод сэтгэл шулууджээ. Хоёр, гурван жилийн дараа эхнэр, охин хоёртоо эргэж ирэн хувийн дэлгүүртэй болохоор төлөвлөжээ. Тун удалгүй өөрийн алдааг ойлгосон аж.

Ажил олж өгсөн зуучлагчид нь түүний хөдөлмөрийн хөлсийг бараг бүгдийг залилцгаасан ба Чехийн өч төчнөөн компаниар хэсүүчлэн зөвхөн доромжлол, зандраан сүрдүүлэг амссан байна. “Намайг талх шиг л худалдаж Пардубицээс Прага руу, Прагаас Плзень рүү дамжуулаад л,  эхлээд мянган крон дараа нь гурван мянган крон өгдөг байв. Үнэхээр бэрх” гэж Дотоод яамнаас хэрэгжүүлж буй сайн дураараа буцах хөтөлбөрт хамрагдан хоёрдугаар сард буцахаар шийдсэн Батсуурь ярьсан юм.

Нисэх тийзээс гадна 500 евро өгч байгаа ч Европ руу ирэхээр хахуульд өгсөн 3000 ам. доллар, мөн Чехэд тавьсан өрөө гэртээ очоод төлөхөд хүнд бөгөөд харин ч өснө. Чех улсын төсөлд хамрагдсан 2109 хүнд ч мөн байдал адил биз. Хагас албан маягаар ажилд зуучлагдсан 10 гаруй мянган хүн мөн ийм нөхцөл байдалтай байгаа.

Ажлаас халагдсан буюу мөлжигдсөн ажилчдын ихэнх нь, нийт 1814, Батсуурийн нэгэн адил төслийн эхний шатанд хамрагдан явцгаасан. Энэ оны 7 дугаар сарын 27-нд эхэлсэн 2 дугаар шатанд хамрагдах сонирхол тун бага. Ердөө 184 хүн л уг боломжийг ашиглав. Гадаадын ажилчдын байдал хүндэрч байгааг харгалзан Дотоод яам хууль бусаар байгаа хүмүүст зориулж төслийн 3 дахь шатыг эхлүүлсэн ч түүнд дөнгөж 132 хүн хамрагджээ. Дотоод яамны дүгнэлтээр бол Хөтөлбөрийг  янз бүрийн ажил зуучлагчдын мөлжлөгийг үл тэвчсэн буюу байдал нь нэн хүндэрсэн иргэд л ашигласан ажээ. “Бүр ер бусын тохиолдлууд ч илэрч байна. Тухайлбал, зарим хүмүүс хууль бусаар олон жил болсон, угаас хуулийн дагуу байгаагүй, зуучлагчид нь бүр эхнээс нь залилсан байдлууд” гэж Дотоод яамны цагаачлал, шилжин суурьших бодлогын газрын ажилтан хатагтай Бела Хейна ярив. “ Эдгээр хүмүүсийн 30 хувь ньүнэхээр хэцүү байсан, зарим нь эрүүл мэндийн бэрхшээлтэй байх жишээтэй. Зарим нь тэдэнтэй бүр зэрлэг байдлаар харьцаж байсан тохиолдлуудыг мэргэжлийн газруудад бид шилжүүлж байлаа. Ихэнх тохиолдолд ямар бэрхшээл туулж байснаа огт ярихгүй хүмүүстэй олон тааралдсан .”

Тэглээ ч ихэнх гадаадынхан ялангуяа Вьетнам, Украинаас ирсэн хүмүүс эх нутагтаа буцах хүсэлгүй байгаа ба  гэртээ буцлаа ч өөрөө төлөх боломж байхгүй учир тэсээд байхыг л эрмэлзэж байгаа аж.

Өөрийн бэрхшээлийг шийдэхээ хойш тавьсанаа нэгдүгээр сард ойлгоцгооно.

Ажилчдыг залилдаг, айлган сүрдүүлж улмаар хүчирхийлэлд хүрч байгаа нь зуучлагчидтай холбоотойд л хамгийн бэрхшээл байна гэж Дотоод яам үзэж байна. Хэдийгээр сайн дураар буцах хөтөлбөр ерөнхийдөө амжилттай хэрэгжсэн ч тэр нь зөвхөн нэн хүнд тохиолдлуудад л тус боллоо. “Төсөл нь бүхнийг хамраагүй, системээр нь шийдээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид үүн дээр ажиллаж байгаа.” гэж Бела Хейна ярьж байна. Цагаачлал, шилжин суурьших бодлогын газрын захирал ноён Томаш Хайшманн  нэн түрүүнд “ажил хөдөлмөргүйгээр амьдардаг, мөн талх худалдаалах, хүн худалдаалах хоёрыг ялгадаггүй шилжин суурьшигчдийг  арилгах ”  хэрэгтэй. Иймд бид жишээлбэл гадаадын иргэдийн тухай хууль тогтоомжийг шинэчлэхээр бэлтгэж байна. Түүнд ийм байдалд хүргэж буй эцсийн ажил олгогчийг хариуцлагад татах, үйлдвэрлэл бизнес явуулах зориулалттай визийн бодлогыг чангатгах зэрэг зүйл орох юм.

Халагдсан ажилчид дахин ажил олж орсон тухай Лидове новины сонин бүр найман сар мэдээлж байсан. Уг ажил нь үнэн хэрэгтээ хууль бус, алдаг оног, өмнө нь тэд халагдсан үйлдвэртээ орсон байдаг. Гадаадынханд шинээр ажлын зөвшөөрөл олгохгүй байх, онцгой тохиолдолд хуучныг сунгах гэсэн үүргийг дээд байгууллагаас нь хөдөлмөрийн товчоодод өгөгдсөн ч зуучлагчид албаны хүмүүс хамсаж уг заалтыг хэрхэн тойрох арга сүвэгчилсэн ажээ. Гадаадынхан эрх бүхий үйлдвэрлэл бизнес эрхлэгчид болон хамтралын гишүүдэд хахууль өгч бизнес хийх  зөвшөөрөл авах боломжтой болдог. Эдгээр гадаад иргэд нь хамтралчидтай хөдөлмөрийн харилцаагүй, гэрээ хэлэлцээр хийж хөлс олгох шаардлагаүй,тэд бие дааж үйлдвэрлэл бизнэс эрхэлж ч эхлээгүй байдаг. Эдгээр хүмүүст үйлдвэр бизнес эрхлэх виз гаргаж өгсөн зуучлагчид, албаны хүмүүс  гадаадынхнаас нэгэн чухал зүйлийг нуудаг. “Энэ явдалд өртсөн хүмүүс өөрийн асуудлаа шийдэхээ ирэх оны 1,2 сар хүртэл буюу үйлдвэр бизнесийн тайлангаа тавих хүртлээ хойш тавьсан байдаг.”-ийг ноён Хайшманн тайлбарлаж байна. “Иймд амжиж хөтөлбөрт хамрагдах нь тэдэнд өлзийтэй болох буйзаа.”

 Манай иргэд ажлын визтэй ирээд тухайн үйлдвэртээ гологддог, эсвэл угаас ажил хийж мөнгө олох бус чехээр дамжин баруун орнуудад цагаачлах бодол агуулдаг хэмээн манай тогтвор суурьшилтай ажилладаг хүмүүс ярьдаг. Чехийн визийг ашиглан Шенгэний орнуудад хууль бусаар очсон иргэд баригдсан тохиолдолд чехийн зардлаар буцааж ирүүлэх Чех улс хил зөрчсөн ангилалаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг ба 2010 оны 1 дүгээр сарын нэгнээс эхлэн визийн аливаа зөрчил гаргасан гадаадын иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болсноо Чехийн тал олон нийтэд мэдээлсэн.Энэ талаар Чех Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам боломжтой бүх л шугамаар чехэд оршин суугаа иргэддээ мэдээлэн ажиллаж байна.

 


шинэчэлсэн. ( 2009/12/22 )
 
Дараах >