• Монгол
  • English
 
2010/09/09
КОНСУЛЫН ХОЛБОГДОЛТОЙ 115 АСУУЛТ, ХАРИУЛТ PDF Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2009/10/14

       Консулын алба гадаад оронд зорчиход тухайн орны хууль тогтоомж, зан заншлыг урьдчилан мэдүүлэх, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор консулын холбогдолтой асуудлаар манай иргэдээс бидэнд байнга тавьдаг, лавладаг асуултад хариулт болгон энэхүү 115 багц мэдээллийг уншигч Танаа толилуулж байна. Бидний бэлдсэн энэхүү мэдээлэл таны мэдлэгийн санд бага ч гэсэн нэмэр болох болов уу хэмээн итгэж байна.

 

Frequently Asked Questions (FAQ)

 

Асуулт

Хариулт

Нэг. Эрх зүйн орчны талаар

1.      

Хүний эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын ямар ямар конвенцид нэгдэн орсон бэ?

Манай улс “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” /1948/-ыг хүлээн зөвшөөрч, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” /1974/,  Эмэгтэйчүүдийг алагчлах  бүх хэлбэрийг устгах тухай конвенц” /1981/,Хүүхдийн эрхийн тухай конвенц” /1990/, “Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц” /1991/,Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц” /1998/,  Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц” /2002/, “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд  сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол” /2003/  зэрэг 40 гаруй олон улсын конвенцид нэгдэн ороод байна /Нэгдэн орсон оныг хаалтад авав/.

2.      

Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хэдэн оронтой байгуулсан вэ?

Манай улс энэхүү гэрээг 19 улстай байгуулсан. Тухайлбал, Болгар, Вьетнам, Казакстан, Киргистан, Куба, ОХУ, Польш, Румын, Словак, БНАСАУ, БНСУ, Турк, Украин, Унгар, Франц, Хятад, Чех, Энэтхэг, Югослав.

3.      

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээг хэдэн оронтой байгуулсан бэ?

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээг 4 улстай байгуулсан. Тухайлбал, Казакстан, БНСУ, Хятад, Энэтхэг. Гэхдээ зарим улстай байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээнд гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай заалт орсон байдаг.

4.      

Ялтан шилжүүлэх тухай гэрээг хэдэн оронтой байгуулсан бэ?

Ялтан шилжүүлэх тухай гэрээг Канад, БНСУ-тай байгуулсан. Канадын гэрээг 2 талдаа соёрхон баталж, мөрдөж эхэлсэн, харин солонгосын гэрээ батлагдах шатандаа байна.

5.      

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээ, Ялтан шилжүүлэх тухай гэрээ хоорондоо ямар ялгаатай вэ?

Нэг нь (гэмт этгээд) мөрдөн байцаалтын явцад шалгагдаж буй сэжигтэн,  хэргийн газраас оргон зайлсан, эрэн сурвалжиж  байгаа гэмт этгээд, нөгөө нь (ялтан) шүүхээс ял сонсож ялыг биеэр эдэлж буй иргэн болно.

6.      

Олон улсын шилжилт, суурьшлын байгууллага /ОУШСБ/-д гишүүнээр элсэхийн ач холбогдол юу вэ?

Манай улс ОУШСБ-д 2008 оны 6 дугаар сард гишүүнээр элсэв. Тус байгууллагын гишүүн болсноор хилийн чанадад иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг зохицуулах, хөдөлмөрийн цагаачдын эрхийг хамгаалах, хүний наймаатай тэмцэх талаар уг байгууллага болон түүний гишүүд, ажиглагчидтай хамтран ажиллаж, тэдний үйлчилгээ, тусламж, зөвлөлгөөг авахад чиглэсэн чухал алхам болсон юм.

Хоёр. Дипломат төлөөлөгчийн газрын байршлын талаар

 

7.      

Хэдэн оронд ЭСЯ байдаг вэ?

Гадаадын 26 оронд элчин сайдын яам, Нью-Йорк, Женев дэх олон улсын төрөлжсөн байгууллагуудын дэргэд 2 байнгын төлөөлөгчийн газар, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Кызыл, БНХАУ-ын Хөх хотод тус тус ерөнхий консулын газар, БНХАУ-ын Эрээн хотод консулын газар, Украины Киев, Белорусын Брест, ОХУ-ын Халимагийн Элиста хотод тус тус консулын төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж байна.

8.      

Хэдэн оронд өргөмжит консул ажилладаг вэ?

Дэлхийн 38 оронд давхардсан тоогоор монголын 63 өргөмжит консул ажиллаж байна. Тэд манайхаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс авдаггүй ч Монголыг сурталчлах, манай гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, монгол хөвгүүд, охидыг гадаадад сургах, монгол үндэстний түүх, соёл, урлагийг бусад ард түмэнд таниулах, Монголд орж буй гадаадын хөрөнгө оруулалт, ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна.

9.      

ДТГ-тай яаж холбоо барих вэ?

Дипломат төлөөлөгчийн газрын дэлгэрэнгүй хаягийг www.mfat.gov.mn болон www.consuls.net вэб сайтаас авч болно.

10.    

Өргөмжит консултай холбоо барих хаягийг өгнө үү?

Өргөмжит консулын дэлгэрэнгүй хаягийг www.consuls.net вэб сайтаас авч болно.

11.    

Ойрын хугацаанд консулын төлөөллийг нэмэгдүүлэх талаар төлөвлөсөн зүйл бий юу?

Манай иргэд олноор байгаа буюу зорчдог АНУ-ын баруун эргийн Сан Франциско, Японы Осака, БНХАУ-ын Шанхай, Үрүмчи, Макао-д ойрын ирээдүйд консулын төлөөлөлтэй болох судалгааны ажлыг хийж байна. Швед, Булангийн аль нэг оронд элчин сайдын яам шинээр байгуулах асуудал хэрэгжвэл консулын төлөөлөл мөн өргөжнө.

Мөн өргөмжит консулын төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. ДТГ-ын судалгаа, саналыг үндэслэн 9 оронд 11 өргөмжит консулыг томилохоор шийдвэрлэж, тухайн улсын Гадаад хэргийн яаманд нь мэдэгдэж экзекватур /зөвшөөрөл/  хүлээж байна.

Гурав. Зорчих нөхцлийг хөнгөвчлөх болон гадаад орны виз мэдүүлэх талаар

 

12.    

Энгийн паспорт эзэмшигч иргэн ямар оронд визгүй зорчдог вэ?

Одоо манай иргэд Белорусь, Гүрж, Израиль, Казахстан, Киргиз, Куба, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонконг, Макао/ зэрэг 16 оронд 15-30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчиж байна. 

13.    

Албан, дипломат паспорт эзэмшигч иргэд ямар оронд визгүй зорчиж болох вэ?

Белорусь, Болгар, Бразил, Вьетнам, Гүрж, Израиль, Индонез, Казахстан, Киргиз, Куба, Лаос, ОХУ, Мексик, Малайз, Румын, Сингапур, Словак, БНАСАУ, БНСУ, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонконг, Макао/ Чех, Чили, Энэтхэг зэрэг 16 оронд 14-90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчиж байна.

14.    

Бээжинд суугаа гадаад орнуудын ЭСЯ-дад виз хэрхэн мэдүүлэх вэ?

 

Монгол Улсад тус орны ЭСЯ байхгүй тохиолдолд Бээжинд суугаа ЭСЯ-нд визээ мэдүүлнэ. Албан ажлын шугамаар гадаад оронд зорчих албан болон дипломат паспорттой төрийн албан хаагч визийн материалаа ГХЯ-ны КГ-аар дамжуулан хүргүүлж виз мэдүүлж болно. Хувийн шугамаар яваа энгийн болон албан, дипломат паспорттой иргэд өөрийн биеэр очиж,  эсвэл тухайн ЭСЯ-нд материалаа шуудангаар хүргүүлж визээ мэдүүлнэ. Виз мэдүүлэх ЭСЯ-ны хаяг, утас, факс болон визийн анкет болон хураамжийн хэмжээг ЭСЯ-ны веб хуудаснаас авах боломжтой.

15.    

Шенгений визээр хичнээн оронд зорчиж болох вэ? 

 

ЕХ-ны хуучин гишүүн улсууд – Австри, Бельги, Герман, Голланд, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Люсембург, Норвеги, Португали, Финланд, Франц, Швед болон шинэ гишүүн улсууд – Кипр, Латви, Литва, Мальт, Словак, Словени, Унгар, Чех, Щвейцарь, Эстонид Шенгений визээр зорчино.

16.    

Словак, Унгар, Чех Улс Шенгений бүсэд нэгдэн орсноор манай албан болон дипломат паспорттой иргэд визтэй зорчих уу?

 

Эдгээр орон Шенгений нутаг дэвсгэрт хамрагдах болсон нь хоёр улсын дипломат болон албан паспорттой иргэд харилцан тохирогч 2 талын нутаг дэвсгэрт визгүй зорчих тухай хэлэлцээрт нөлөөлөхгүй, дипломат болон албан паспорт эзэмшигчид нь хэлэлцээрт заасан хугацаанд зөвхөн тус улсад визгүй зорчих боломжтой. Харин Шенгений гишүүн өөр улсад зорчих бол тухайн улстай байгуулсан визийн тохиролцооны дагуу зорчино.

17.    

Монгол иргэд Украин Улсад 90 хүртэлх хоног визгүй зорчдог гэдэг ч хил дээрээс буцаах тохиолдол гарч байна. Яагаад?

 

1979 онд ЗСБНХУ-тай байгуулсан иргэд харилцан зорчих нөхцлийн тухай хэлэлцээрийн дагуу манай иргэд Украин Улсад 90 хүртэлх хоног визгүй зорчино. Гэхдээ албан ажлаар явж байгаа бол уригч талын албан ёсны урилга, албан бичиг, хувийн шугамаар явж байгаа бол  урьж буй хүний албан ёсны урилга зэрэг баримт бичгийг эх хувиар нь хил дээр үзүүлэхийг шаарддаг. Монгол иргэд албан ёсны урилга байхгүй, эсвэл урилгын хуулбар авч яваа тохиолдолд украины тал хил нэвтрүүлэхгүй буцаах тохиолдол гардаг.

18.    

Гадаад орны виз мэдүүлээд татгалзсан хариу авсан тохиолдолд хаана хандах вэ?

Тус ЭСЯ-ны Консулд нь бичгээр өргөдөл тавих юмуу иргэдтэй ярилцах цагаар нь ярьж тодорхой хариу авч болно.

19.    

Гадаад оронд удаан хугацаагаар сурч ажилладаг монгол иргэн амралтынхаа хугацаанд ирээд Улаанбаатарт байгаа гадаад орны ЭСЯ-нд тухайн орны виз мэдүүлж болох уу?

Хэрвээ та аль нэгэн гадаад оронд сурч ажилладаг, тэндээ байнга оршин суудаг бол оршин суугаа улсдаа байгаа тус орны ЭСЯ-нд виз мэдүүлэх хэрэгтэй .

Дөрөв. Үндэсний гадаад паспортын талаар

 

20.    

Энгийн паспорт авахад ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн www.citizenmongolia.com вэб сайтын Гадаад паспорт бүлэгтэй танилцаж, материалаа бүрдүүлээд ДТГ-уудад өгнө. Тухайн ДТГ нь ИБМУТ-тэй шууд харьцаж уг паспортыг олгоно.

21.    

Энгийн паспортыг хаанаас олгодог вэ?

Иргэний бүртгэл мэдээлийн улсын төвөөс олгоно.

22.    

Хилийн чанадад гадаад паспорт олгодог уу?

Хилийн чанадад энгийн паспорт олгохдоо материалыг ЭСЯ хүлээн авч дипломат шуудангаар ИБМУТ-д хүргүүлэн захиалж  хийлгээд Элчин сайдын яамныхаа тамга тэмдэг, гарын үсгийг зурж баталгаажуулан олгодог журамтай. Захиалга хийж паспорт авахад 45-60 хоног шаарддаг.

23.    

Ямар албан тушаалтай хүнд албан паспорт олгодог вэ?

ГХЯ-ны Консулын газар ЗГ-ын  2006 оны 184 дүгээр тогтоолд заасан төрийн албан тушаалтанд албан паспорт олгоно. ГХЯ-ны www.consuls.net вэб сайтаас ямар материал бүрдүүлэх шаардлагатайг үзнэ үү.

24.    

Ямар албан тушаалтай хүнд дипломат паспорт олгодог вэ?

ГХЯ-ны Консулын газар ЗГ-ын  2006 оны 184 дүгээр тогтоолд заасан улс төрийн болон төрийн албан тушаалтанд дипломат паспорт олгоно. ГХЯ-ны www.consuls.net вэб сайтаас ямар материал бүрдүүлэх шаардлагатайг үзнэ үү.

25.    

Паспортын хугацааг сунгадаг уу?

Нийслэлд ИБМУТ болон ГХЯ-ны Консулын газар, хилийн чанадад манай улсын ДТГ-ууд сунгалт хийнэ.

26.    

Паспорт олгоход ямар хэмжээний хураамж, төлбөр төлдөг вэ?

Паспорт захиалга, сунгалтын төлбөрийн хэмжээг www.citizenmongolia.com вэб сайтаас үзнэ үү. Харин хилийн чанадад МУ-ын Сангийн,  Хууль зүй, дотоод хэргийн, Гадаад харилцааны сайд нарын тушаалаар баталсан үнийн тарифын дагуу хураамжийг манай ДТГ-ууд валютаар авна.

27.    

Насанд хүрээгүй хүүхэд гадаад паспорт авч болох уу?

Паспорт авч болно. Эцэг, эхийн өргөдөл, төрсний гэрчилгээг үндэслэн ИБМУТ-өөс олгоно. www.citizenmongolia.com вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг  авна уу.

28.    

Гадаад улсад төрсөн насанд хүрээгүй хүүхдийг өөрийн /эцэг, эхийн/ паспортод хэрхэн хавсаргах, ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Эцэг, эхийн өргөдөл, төрсний гэрчилгээг үндэслэн тэдний хэн нэгний паспорт дээр хүүхдийн гэрэл зургийг нааж, нэмэлт бичилт хийх ажлыг манай ДТГ-ууд хийж өгч болно. Гэхдээ хүүхэд бие даасан гадаад паспорттай байх нь олон талын ач холбогдолтой.

29.    

Эцэг, эхээс нь өөр хүний паспортод хүүхдийг хавсаргаж болох уу? Жишээ нь эмээ, өвөө, ээж, аавын нь ах дүү нар нь харгалзан гуравдагч орноос Монгол Улсад зорчих болсон тохиолдолд яах  ёстой вэ?

Насанд хүрээгүй хүүхдийн наймааны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа өнөө үед хүүхдийг хилийн чанадад, ялангуяа визтэй орнуудад паспортын хавсралтаар зорчуулах нь хүндрэл, бэрхшээлтэй болж байна. Иймд хүүхдэдээ гадаад паспорт авч өгөхийг Танд зөвлөх байна.

30.    

Хүүхдийн хавсралтыг ДТГ-аас олгодог уу?

Олон улсын жишгийн дагуу цаашид хүүхдийн хавсралтыг ДТГ-аас олгохгүй байх чиг баримтлах болно.

31.    

Бага насны хүүхдийг Монгол руу эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр явуулах тохиолдолд консулын хэлтсээс тодорхойлолт гаргаж өгдөг үү?

Эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр бага насны хүүхдийг Монгол руу явуулах нь эрсдэлтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд харгалзан авч явах хүний нэр дээр эцэг, эхийн зүгээс олон улсын түгээмэл хэл дээр бичсэн итгэмжлэлийг ДТГ-аас баталгаажуулж өгч болох юм.

32.    

Монгол Улсын иргэн хилийн чанад дахь ДТГ-уудад иргэний бүртгэл хийлгэх нь сайн дурын хэрэг үү аль эсвэл иргэний хариуцлагын ямарваа хууль дүрэмд заавал бүртгүүлэх тухай заасан байдаг уу? Уг ДТГ намайг заавал бүртгүүл гэж шаардах эрх бий юу?

Монгол Улсын  Үндсэн Хуульд “Иргэн  шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасан. Энэхүү иргэний үүргийн дагуу хилийн чанадад суугаа ДТГ-т бүртгүүлэх нь ач холбогдолтой болохыг Танд цаг хугацаа харуулдаг болно.

33.    

Овог, нэр нь солигдож бичигдсэн гадаад паспортын овог, нэрийг залруулж болох уу ?

Гадаад паспортын тусгай тэмдэглэл хуудсанд залруулга хийж, тамга, тэмдгээр баталгаажуулж болох боловч олон улсын шаардлага хангасан баримт бичиг болж чаддаггүй. Иймд дахин шинээр паспорт захиалан залруулахыг зөвлөж байна.

34.    

Паспорт шинээр авах маягт бөглөхөд юуг анхаарвал зохих вэ?

Та өөрийн овог, нэр, регистрийн дугаараа үнэн зөв бичих хэрэгтэй. Алдаа мадагтай бичвэл Иргэний бүртгэл, мэдээллийн сан-д байгаа өгөгдөлтэй зөрчилдөж, Таны паспортын захиалгыг хүлээн авах боломжгүй болдог.

35.    

Шинээр олгогдсон гадаад паспортонд АНУ-ын виз нөхөж тавигдах уу?

Таны эзэмшиж байсан хуучин паспортыг шинэчлэх болсон шалтгаан тодорхой, эзэмшигчийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр зэрэгт өөрчлөлт ороогүй тохиолдолд хүчинтэй визийг шинэ паспорт дээр олгодог олон улсын практик бий. Гэхдээ тухайн орны шийдэх асуудал.

36.    

ДТГ богино хугацаанд шинэ гадаад паспорт олгох үйлчилгээ үзүүлдэг үү?

Гадаад паспорт нь олон улсын стандартын шаардлага хангах нууцлалтай бичигддэг бөгөөд манай ДТГ-ууд түүнийг бичих техникийн боломжгүй. Иймд богино хугацаанд гадаад паспорт олгодоггүй, харин буцах үнэмлэх олгох үйлчилгээ үзүүлдэг болно.

37.    

Ямар тохиолдолд буцах үнэмлэх олгох, түүнийг авахад ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

Гадаад паспортаа үрэгдүүлсэн, эх орондоо яаралтай явах иргэнд буцах үнэмлэх олгодог. Чингэхдээ бичиг баримтаа үрэгдүүлсэн талаар оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж авсан тухай тодорхойлолт, үрэгдүүлсэн баримт бичгийн талаарх мэдээлэл зэрэг баримт бичиг, гэрэл зураг хэрэгтэй. Таны өгсөн мэдээллийг ИБМУТ-д илгээж, Иргэний бүртгэл, мэдээллийн сан-гаар шалгуулсаны дараа Танд буцах үнэмлэх олгоно.

38.    

Буцах үнэмлэхний хүчинтэй хугацаа хэдэн сар байдаг вэ?

Буцах үнэмлэх олгосноос хойш 3 сарын дотор хүчинтэй байна.

39.    

Буцах үнэмлэхээр онгоцны тийз захиалж болох уу?

Буцах үнэмлэх нь эх орондоо очих 1 удаагийн зориулалттай баримт бичиг тул суугаа орныхоо эрх бүхий байгууллагаас гарах виз авсан байх шаардлагатай. Энэ тохиолдолд Та онгоцны тийз захиалж болно. Харин дамжин өнгөрөх улсдаа 24 цагаас дээш байх тохиолдолд тухайн улсын дамжин өнгөрөх /транзит/ виз шаарддаг.

40.    

Дипломат, албан паспортыг ямар журмаар олгодог, яаж мэдүүлэх, хэнд хандах вэ?

Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан ”Үндэсний гадаад паспорт олгох, хадгалах, ашиглах журам”–ын дагуу  дипломат, албан паспорт  эзэмших эрх бүхий  төрийн албан хаагчдад  олгоно.

Дипломат, албан паспорт эзэмших эрх бүхий албан тушаалтан байгууллагынхаа гадаад паспорт хариуцсан ажилтнаараа дамжуулан ГХЯ-ны Консулын газарт хандана. Чингэхдээ ГХЯ-ны вэб сайт дахь паспорт шинээр авах болон сунгах мэдүүлгийн хуудсыг бөглөж, уг мэдүүлэгт дурдсан бичиг баримтыг бүрдүүлж, 3 төрлийн хураамжийг дурдсан дансанд төлсөн байна. Хувь хүнээс паспорт мэдүүлгийн хуудсыг хүлээж авдаггүй журамтай.

Тав. Иргэний болон нотариатын үйлчилгээний талаар

 

41.    

Хилийн чанадад иргэний бүртгэл хийдэг үү?

 

Иргэний бүртгэлийн тухай хуульд “Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь тогтоосон журмын дагуу иргэний бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, холбогдох тайлан, мэдээг гаргаж зохих журмын дагуу иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу иргэний бүртгэлийг хийнэ.

42.    

Гэр бүлээ бүртгүүлэхэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

Та www.legalinfo.mn вэб сайтын Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл ангиас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

43.    

Гэр бүлээ бүртгүүлэхэд заавал биеэрээ байх шаардлагатай юу?

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.3-т гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна гэж заасан.

44.    

Төрсний гэрчилгээ авахад ямар материал шаардлагатай вэ?

Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт, эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа зэрэг материалыг шаардана. Та www.legalinfo.mn вэб сайтын Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйл ангиас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

45.    

Гадаад улсад төрсөн хүүхдийн эцэг, эх албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хэдий ч хүүхдээ эцгийх нь нэрээр овоглож төрсний гэрчилгээ авч болох уу?

Эцэг эх хоёрын өргөдлийг үндэслэж, эцэг тогтоох тухай бүртгэлийг  хийж, хүүхдийг эцгийн нэрээр овоглох боломжтой. 

46.    

Хүүхэд үрчлэн авахад ямар материал бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?

Монгол Улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд хүүхэд үрчлэн авахад ямар материал бүрдүүлэх талаар тодорхой заасан байгаа. Иймд Та  www.legalinfo.mn вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Харин гадаадын иргэн хүүхэд үрчлэн авах гэж буй тохиолдолд хүсэлтээ ХЗДХЯ-нд тавьж шийдвэрлүүлнэ.

47.    

Гэр бүлээ цуцлуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Гэр бүлийг шүүх, захиргааны журмаар цуцалж, гэрчилгээ олгодог. Та Монгол Улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл /www.legalinfo.mn/-ээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

48.    

Гадаадын иргэнтэй гэрлэсний дараа овог хэрхэн солиулдаг вэ?

Монгол Улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.6-д нөхрийн овгоор бүртгэхийг зөвшөөрсөн байдаг. Иймд Та хүсэлтээ ИБМУТ-д гаргах хэрэгтэй.

49.    

Үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх итгэмжлэл хийлгэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Хилийн чанад дахь ДТГ Нотариатын хуулийн дагуу иргэний бичсэн итгэмжлэлийг баталгаажуулах үүрэгтэй. Тухайн ДТГ-т  итгэмжлэл хийх эрх бүхий консулын ажилтан үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох асуудлаар зөвлөлгөө өгч, уг ажлыг гардан гүйцэтгэнэ.

50.    

Апостиль гэрчилгээ гэж юу вэ?

Манай улс “Албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай олон улсын конвенци”-д нэгдэн орох асуудлыг УИХ 2008 оны 12 дугаар сард  соёрхон батлав. Энэхүү конвенцид нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг манай талаас олон улсын байгууллагад хүргүүлэх, энэ үндсэн дээр нийт гишүүн орнууддаа мэдэгдэх зэрэг процедурын арга хэмжээ авсаны дараа буюу 2009 оны 2 дугаар хагаст конвенцийн заалт үйлчилж эхэлнэ. Чингэснээр энэхүү конвенцийн гишүүн 92 улс орон манай “Аpostille” гэрчилгээтэй бичиг баримтад консулын баталгаа давхар хийлгэхийг шаардахаа больж иргэдэд учирч буй чирэгдэл багасах юм. Тус конвенцид апостиль гэсэн франц үгийг орчуулалгүй хэвээр нь хэрэглэж байхаар улс орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Апостил гэрчилгээний үнэ 10.000 байх юм.

51.    

Консулын баталгаа, нотариатын үйлчилгээ хоорондоо ялгаатай юу?

Ялгаатай. Нотариатын хуулийн дагуу  нотариатын тамга дарж баталгаажуулсан баримт бичгийг үндэслэн англи хэл дээр бичигдсэн “Монгол Улсын нотариатыг нотлов“ дардас, консулын тамга дарж, гарын үсэг зурснаар гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдөх баримт бичиг болон баталгааждаг. Үүнийг консулын баталгаа гэнэ.

52.    

Нотариатын үйлчилгээний үнийн талаар мэдээлэл өгнө үү?

ДТГ-уудаас ирүүлсэн итгэмжлэлд  2000, баримт бичгийн нэг хуудсанд  800-өөр бодож, “бичиг баримт баталгаажуулалтын төлбөр” нэрээр  Худалдаа хөгжлийн банк дахь Төрийн сангийн 900016001 тоот дансанд  тус тус тушаана.

53.    

Нотариатын үйлчилгээг ямар журам, үе, шатлалаар хийх ёстой вэ? Жишээ нь нотариатын үйлчилгээ авах аливаа баримт бичгүүдийн ДТГ-т хүргэхээс өмнө ГХЯ-ны Консулын газраар зайлшгүй баталгаажуулсан байх шаардлагатай юу?

Одоо манайд эхлээд Нотариатын хуулийн дагуу баримт бичиг албан ёсны болохыг Улсын нотариатч баталгаажуулж, хувийн дугаартай тамга дарж, гарын үсгээ зурдаг. Дараа нь ГХЯ-ны Консулын газар “Монгол Улсын нотариатыг нотлов” гэсэн англи хэл дээр бичсэн дардас, тамга дарж баталгаажуулдаг журам үйлчилж байна. “Албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай олон улсын конвенци”-д нэгдэн орох процесс 2009 оны 2 дугаар хагаст дуусмагц нотариатаар баталгаажуулах дамжлагагүй болж, зөвхөн ГХЯ-ны Консулын газар “Апостиль” гэрчилгээ олгодог болно.

54.    

Баримт бичгийн албан ёсны орчуулгыг хаана хийдэг вэ?

Албан ёсны зөвшөөрөл, эрх бүхий орчуулгын товчоо баримт бичгийн албан ёсны орчуулга хийж, тамга тэмдгээр баталгаажуулна.

55.    

ДТГ ямар асуудлуудаар нотариатын үйлчилгээ үзүүлæ áàòàëãàà ãàðãàäàã вэ?

Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 4.2-т хилийн чанадад суугаа ДТГ-ын консулын асуудал харицсан ажилтан  нотариатчийн үүрэг гүйцэтгэгч хийхийг зөвшөөрсөн. Мөн хуулийн 23-т нотариатын үйлдлийг тодорхой заасан. Та дэлгэрэнгүй мэдээллийг www.legalinfo.mn вэб сайтаас авна уу.

Зургаа. Иргэдэд туслах сангийн талаар

 

56.    

Иргэдэд туслах сангаас тусламж авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Иргэний харьяаллыг тодорхойлох баримт бичиг, эсхүл тэдгээрийн баталгаажуулсан хуулбар, тусламж үзүүлэх шаардлагатай болохыг нотлох суугаа орны цагдаа, шүүх, эмнэлэг зэрэг зохих байгууллага, иргэний тодорхойлолт, мэдүүлгийн эх хувь

-төлбөрийн чадваргүйг нотлох өрхийн ам бүл, орлогын хэмжээний талаар харьяалах баг, хороо, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагаас авсан тодорхойлолт

57.    

ЭСЯ-нд заавал бүртгүүлэх шаардлага бий юу?

Суугаа орондоо байгаа Монголын ДТГ-таа бүртгүүлэх нь иргэн та эрх зүйн  туслалцаа  авахад хялбар бөгөөд ашигтай.

58.    

Иргэдэд туслах сангаас Монгол Улсын иргэн хэн боловч тусламж хүсч болох уу?

Иргэдэд туслах сангийн дүрэмд хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, нас барсан, хорих ял эдэлж байгаа зэрэг зайлшгүй тусламж шаардлагатай монгол иргэдэд нэг удаагийн тусламж үзүүлэхээр заасан.

59.    

Иргэдэд туслах сангаас хэдий хэмжээний тусламж хүсч болох вэ?

Сангийн дүрэмд гарсан бодит зардлаар тооцохоор заасан боловч олон хүнд хүртээх зорилгоор нэг иргэнд 10.000 ам доллараас хэтрэхгүй байхаар төлөвлөж буй.

60.    

Гадаадад “харласан” хүмүүст хамаарах уу?

Хууль ёсны дагуу оршин суугаа эсэхээс үл хамаарч хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан үйлчилнэ.

61.    

Тусламж хүссэн өргөдлийг хаана гаргах вэ?

Таны оршин суугаа улс дахь Монгол Улсын ДТГ-т иргэн та өргөдлөө гаргах эрхтэй.

62.    

Гадаадад хорих ял эдэлж байгаа ах дуугээ эргэхэд сангаас тусламж авч болох уу?

Сангийн хөрөнгөөс төлбөрийн чадваргүй нь холбогдох хууль хяналтын байгууллагаас тогтоогдсон иргэнд тусламж үзүүлэх боломжтой

63.    

Хилийн чанадад эрх ашиг нь хохирох гэдгийг юу гэж ойлгох вэ? Тухайлбал эд, мөнгөө гээх, хулгайд алдах зэрэг шалтгаанаар зардал мөнгөний гачаалд орох тохиолдол хамрагдах уу?

Таны дурдсан тохиолдлууд нь хилийн чанадад эрх ашиг нь хохирсон гэдэг ойлголтод хамрагдах боловч тухайн иргэний хувийн зохион байгуулалт, сонор сэрэмжгүй байдлаас үүдэлтэй гэж үзнэ. Иргэдэд туслах сангийн дүрэм, түүнийг хэрэгжүүлэх журамтай www.mfat.gov.mn вэб сайтаас танилцана уу.

64.    

Олгогдох бодит зардлын хэмжээг хэн, яаж тогтоож байх вэ?

Энэ тухай дүрэмд тодорхой заасан тул  www.mfat.gov.mn вэб сайтаас танилцана уу.

65.    

Визийн нөхцөл зөрчсөн үндэслэлээр баригдсан, өмгөөлөгч авахын тул Иргэдэд туслах сангаас мөнгө авч болох уу?

Сангийн хөрөнгийг зарцуулах зүйл ангид Таны асуулт хамааралгүй болно.

Долоо. Бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд

 

66.    

Гадаад паспортаа үрэгдүүлвэл хэнд хандах вэ?

Нэн түрүүнд цагдаагийн байгууллагад хандаж, бичиг баримтаа үрэгдүүлсэн тухай тодорхойлолт авах хэрэгтэй. Дараа нь өөрийн орны ДТГ-т хандаж, буцах үнэмлэх олгохыг хүсээрэй. Өргөмжит консул буцах үнэмлэх олгох эрх үүрэг хүлээдэггүй, харин танд ДТГ-тай холбоо барихад чинь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

67.    

Бичиг баримтаа үрэгдүүлсэн хүн өөр хүний нэрээр буцах үнэмлэх авч гарч болох уу ?

Болохгүй. Буцах үнэмлэхийг зөвхөн иргэний үнэмлэх, эсвэл иргэний үнэмлэхний нотариатын баталгаа хийлгэсэн хуулбарыг үндэслэж олгох журамтай. 

68.    

Буцах үнэмлэх дээр виз авах шаардлагатай юу?

Таны суугаа орны хууль тогтоомжид хэрхэн зааснаас шалтгаална. Зарим орон буцах үнэмлэх дээр гарах виз дардаг. Дамжин өнгөрөх орон шууд нисэх онгоцны тийзтэй тохиолдолд виз /транзит/ шаарддаггүй. Гэхдээ тухайн орны ЭСЯ-наас тодруулж асуух нь  баталгаатай.

69.    

Буцах үнэмлэхээр Монгол руу буцахад дамжин өнгөрч байгаа улсынхаа болон Монгол Улсын хил дээр татвар төлөх үү?

Буцах үнэмлэхээр нутаг буцаж буй иргэд Монгол хүртэл онгоцны тийз авсан байх шаардлагатай. Дамжин өнгөрч байгаа улс болон Монгол Улсын хил дээр ямар нэг татвар, торгууль төлөхгүй.

Найм. Өвдөх буюу нас барсан тохиолдолд

 

70.    

Иргэн хүндээр өвдөх, нас барах тохиолдолд нэн түрүүнд хэнд хандах вэ?

Иргэн хүндээр өвдөх, нас барах тохиолдолд нэн түрүүн тухайн улс, хотод суугаа ЭСЯ, ЕКГ-таа хандах хэрэгтэй. Өвчтөнд сахиур эсвэл талийгаачийн ар гэрээс хүн ирүүлэх тухай хүсэлтээ ДТГ-т гаргаж, холбогдох бичиг баримтыг ГХЯ-нд ирүүлдэг болно. 

71.    

Нас барсан хүнд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай, нас барсан тухай гэрчилгээг хаанаас авах вэ?

Нас барсан тухай эмнэлэг, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаад паспортыг үндэслэн нас барсан тухай гэрчилгээг ДТГ-аас олгодог.

72.    

Талийгаачийн жинхэнэ овог, нэрийг ямар аргаар батлах вэ?

Иргэний бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөлд үндэслэн ИБМУТ-өөс олгосон үндэсний гадаад паспортын овог, нэрийг баримтална.

73.    

Бусад оронд цагаачилж амьдарч байх хугацаандаа өөрийн жинхэнэ овог нэрээр биш бусдын болон зохиомол овог нэрээр амьдарч байсан талийгаачийн  хувьд ар гэрээс нь ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Ийм тохиолдол хааяа гардаг. Ар гэрийн хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэн үнэн зөв овог, нэрээр нь нас барсан тухай гэрчилгээ олгож, Иргэний бүртгэл, мэдээллийн санд зохих бүртгэлийг хийлгэх ёстой.

Ес. Гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд

 

74.    

Гадаадад оршин суугаа болон түр зорчиж буй иргэд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдвол хаана, хэнд, ямар байгууллагад хандах вэ?

Нэн түрүүнд суугаа орны цагдаагийн байгууллага, дараа нь тухайн улс, хот дахь Монгол Улсын ЭСЯ, ЕКГ-таа хандаж туслалцаа дэмжлэг  хүсэх хэрэгтэй. Манай улсын ДТГ байхгүй улс оронд монголын өргөмжит консулд хандахыг зөвлөе. Цагдаагийн байгууллага ДТГ-тай холбоо барьж мэдэгдэх үүрэгтэй.

75.    

Гадаад улсад баривчлагдах, саатуулагдсан тохиолдолд яах вэ?

Иргэнийг баривчилсан, саатуулсан тохиолдолд  тухайн орны хууль хүчний байгууллага ДТГ-т 3 –аас доошгүй хоногийн хугацаанд албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй, иргэн өөрөө энэ хугацааны дотор ДТГ-таа мэдэгдэх, ДТГ-ын консулын ажилтантай уулзуулахыг шаардах эрхтэй.

76.    

Гадаадын улсад ял эдэлж байгаа, гэмт хэрэгт холбогдон баривчлагдсан иргэний ар гэрийнхэн хаана, ямар байгууллагад хандаж туслалцаа хүсэх вэ?

Гадаадын улсад ял эдэлж байгаа, гэмт хэрэгт холбогдон баривчлагдсан, саатуулагдсан иргэний ар гэрийнхэн Гадаад харилцааны яамны Консулын газарт хандаж өргөдөл гаргаж туслалцаа хүсэх хэрэгтэй.

77.    

Зарим оронд монгол хэлний албан ёсны орчуулагч байхгүй тохиолдол гардаг.  Баривчлагдаж саатуулагдсан иргэн гадаад хэл мэдэхгүй, мэдсэн ч мэдүүлэг өгөх хэмжээнд сайн эзэмшээгүй, эсвэл зөвхөн эх хэлээрээ мэдүүлэг өгөх хүсэлтэй байвал албан ёсны орчуулагч  шаардах эрхтэй юу? Орчуулагчийн зардлыг хэн хариуцах ёстой вэ?

Тухайн оронтой байгуулсан эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд орчуулагчаар хангах асуудал туссан байдаг. Орчуулагчийн зардлыг цагдаагийн байгууллага гаргаж, шүүхээс нэхэмжилдэг.

78.    

Эрх нь зөрчигдсөн, хязгаарлагдсан иргэн өмгөөлөгч авах эрхтэй юу? Хаанаас өмгөөлөгч авч болох вэ?

Та өмгөөлөгч авах эрхтэй. Тухайн хот, дүүргийн өмгөөлөгчдийн холбоонд хандаж, үйлчилгээний төлбөрийн асуудлыг тохирсноор Таны өмгөөлүүлэх эрх нээгдэнэ.

79.    

Баривчлагдсан, саатуулагдсан, хорих ял эдэлж байгаа иргэдэд консулын хэлтсээс хууль, тогтоомжид зааснаар ямар туслалцаа үзүүлж болох вэ?

Гадаадын улс гүрний нутаг дэвсгэрт манай консулын албаны үйл ажиллагаа олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хязгаардлагдмал эрх үүрэгтэй байдаг. Тухайлбал, бид хэн нэгний өмнөөс эрүүгийн болон захиргааны хэрэг хүлээхгүй, торгууль болон хохирлын зардлыг нь төлөхгүй, шоронгоос суллуулж чадахгүй, шүүх ажиллагаанд нөлөөлөх ёсгүй, гэмт хэрэг болон нас барсан тохиолдлыг мөрдөн шалгах эрхгүй, гадаад улс манай иргэнийг албадан гаргахаар шийдвэрлэсэн бол үлдээх талаар тусалж чадахгүй, хувь хүмүүсийн хоорондын хэрүүл маргаанд оролцохгүй зэрэг эрх үүргийг дурдаж болно.

Харин хууль эрх зүйн хэм хэмжээ, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, гэрийнхэнтэйгээ холбоо барихад нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг. 

80.    

Эрх зөрчигдсөн тохиолдолд хуулийн байгууллагад гомдлоо хэрхэн тавих вэ?

Таны хууль ёсны эрх зөрчигдсөн бол тухайн улсын хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргаж, өөрийн улсын ДТГ-т хандан дэмжлэг туслалцаа хүсэх хэрэгтэй.

Арав. Хоригдол эргэхийг хүсвэл

 

81.    

Хилийн чанадад ял эдэлж буй хүнийг эргэж болох уу?

Хоригдол эргэх хүсэлтээ бичгээр гаргаж, гадаад паспортын хуулбарын хамт  ГХЯ-нд өгнө. Тус яам ДТГ-аараа дамжуулан тухайн орны эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл, эргэлт оруулах сар, өдрийн талаар мэдээлэл авч хариу мэдэгдэнэ.

Арван нэг. Иргэний харъяаллын талаар

 

82.    

Манай улс хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрдөг үү?

Монгол Улсын харьяатын тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж заасан байдаг. Та www.legalinfo.mn вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

83.    

Гадаадын иргэнтэй гэр бүл болсон хүн Монгол Улсын иргэний харъяаллаа солиулж болох уу?

Монгол Улсын харьяатын тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.Та www.legalinfo.mn вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

84.    

Монгол Улсын иргэний харъяатаас гарах эсвэл Монгол Улсын иргэн болоход ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?

Монгол Улсын “Харъяатын тухай” хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр өргөдлөө бичиж, харъяатаас гарах эсвэл  иргэн болох шалтгаанаа тодорхой дурдсан байвал зохино. Өргөдлийг ДТГ-т хүлээн авч Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлан шийдвэрлүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.legalinfo.mn вэб сайтаас авна уу.

85.    

Хилийн чанадад төрсөн хүүхдийг аль улсын харъяат гэж үзэх вэ?

Монгол Улсын харьяатын тухай хуулийн 7.1-д “Эцэг эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна”. Мөн хуулийн 7.2-т “Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.legalinfo.mn вэб сайтаас авна уу.

86.    

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарахтай холбоотой асуудлаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгнө үү?

Та ХЗДХЯ-ны www.legalinfo.mn вэб сайтаас Монгол Улсын харьяатын тухай хуулийг судалж үзнэ үү.

87.    

АНУ-д төрсөн, харьяат болсон Монгол хүнд МУ-ын гадаад паспорт олгож болох уу?

Манай улс хоёрдмол харьяатын асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Иймд АНУ-ын иргэн болсон хүнд давхар Монгол Улсын гадаад паспорт олгохгүй.

88.    

Монгол Улсын иргэн хэрхэн АНУ-ын харьяат болж болох вэ?

Монгол Улсын харьяатын тухай хуулиар зохицуулна. Та хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.legalinfo.mn вэб сайтаас авна уу.

Арван хоёр. Монгол Улсын визний талаар

 

89.    

МУ-ын визийг хаанаас авч болох вэ?

Монгол Улсын ЭСЯ болон ЕКГ, виз олгох эрхтэй Өргөмжит Консул МУ-ын визийг олгоно.

90.    

Визийн ямар ямар ангилал байдаг вэ?

Дипломат, албан, олон улсын, бизнес, хувийн, жуулчны, хөдөлмөрийн, хөрөнгө оруулагч, цагаачлагч, шашны, төрийн бус байгууллагын, сургалтын, хэвлэл мэдээллийн гэсэн 13 ангиллын виз байдаг.

91.    

Орох-гарах визийг хэд хоногоор өгдөг вэ?

Орох-гарах виз нь гадаадын зорчигчийн хувьд 30 хүртэлх хоног, түр оршин суугчийн хувьд 90 хүртэлх хоног байна. 30 хүртэлх хоногийн визийн зөвшөөрлийг ГХЯ-ны КГ олгоно. 90 хүртэлх хоногийн зөвшөөрлийг ГИХАЭА олгоно.

92.    

Дамжин өнгөрөх виз хэдэн хоногийн хүчинтэй вэ?

Дамжин өнгөрөх виз нь 5 хүртэлх хоногийн хугацаатай байна.

93.    

Олон удаагийн орох-гарах виз олгодог уу?

Ажлын болон хувийн шугамаар  олон удаа орох гарах  шаардлагатай бол энэ төрлийн визийг ГИХАЭА-нд мэдүүлж болно.

94.    

Миний хүүхэд Монгол Улсын төрсний гэрчилгээтэй, харин гадаад улсын паспорттай. Энэ тохиолдолд виз авах уу?

Гадаад улсын паспорттой  бол монголын виз авах шаардлагатай. Эцэг, эхийн аль нэг нь монгол улсын иргэн бол  16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлнө.

95.    

Гадаадын иргэнийг хэрхэн яаж урих вэ?

 

Албан ажлын шугамаар  30 хүртэл хоног монгол улсад зорчих гадаадын иргэнийг  урих хүсэлтээ Гадаад харилцааны яамны Консулын газарт тавина. Энэ виз нь В ангиллын 30 хүртэлх хоногтой нэг удаагийн орох-гарах эрхтэй виз юм. В ангиллаас бусад ангилалтай,  30 хоногоос дээш хугацаатай, олон удаа орох-гарах эрх бүхий визийг ГИХАЭА-нд хандан мэдүүлнэ.

96.    

В ангилалын 30 хүртэлх хоногийн визийг ямар журмаар мэдүүлэх вэ?

 

www.consuls.net вэб хуудасны хуудасны NEW CONSULS хэсэг рүү орж E-Invitation буюу Цахим урилга мэдүүлэх хүснэгтийг бөглөн,  хэвлэж гаргаад, мэдүүлгийн хуудасны доод хэсэгт дурдсан материалуудыг хавсарган, үйлчилгээний хураамжийн хамт Консулын газарт Даваа-Баасан гарагийн 10-12 цагт мэдүүлнэ. КГ нь урилгын зөвшөөрлийг мэдүүлэг хүлээн авсан тухайн өдрийнхөө 16 цагт холбогдох ДТГ-т факсдана.

97.    

Үйлчилгээний хураамж хэд вэ?

 

Эхний 1-10 хүнд нийтдээ 10$, 11 дэх хүнээс эхлэн хүн тус бүрт 2$ төлнө.

98.    

В ангилалын 30 хүртэлх хоногийн визийг хэн мэдүүлж болох вэ?

 

Энэ ангиллын визийг Монголын байгууллага гадаад орны харилцагч байгууллагаасаа ажлын шугамаар ажилтан, мэргэжилтэн урих тохиолдолд мэдүүлнэ.

99.    

В ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монголд орж ирснийхээ дараа дахин сунгуулж болох уу?

Ийм  визтэй Монгол Улсад орж ирээд ажлын шаардлагаар хугацаагаа сунгах, ангилал солиулах бол ГИХАЭА-нд хандана.

100.  

Жуулчин J ангиллын визтэй орж ирсэн гадаадын иргэн хугацаагаа дахин сунгуулах юмуу визний ангиллаа солиулах боломжтой юу?

J ангиллын визтэй ирсэн гадаадын иргэн ГИХАЭА-нд хандан Монголд байх хугацаагаа дахин 1 сар буюу 30 хүртэлх хоногоор зөвхөн 1 удаа сунгуулна. Ангиллыг өөрчлөх боломжгүй.

101.  

Хятадаас жуулчин яаж урих вэ?

 

БОАЖЯ-наас Хятадаас бүлэг жуулчин /5 буюу түүнээс дээш тооны/ урих эрх авсан Монголын аялал жуулчлалын компаниар дамжуулан урина.

102.  

Виз сунгуулахад төлбөр төлөх үү?

Визний хугацааг 7 хүртэл хоногоор сунгахад 15$, дараагийн хоног тутамд 2 $ төлнө.

103.  

Гадаад найзаа яаж урих вэ?

Монгол Улсын иргэн буюу манайд байнга оршин суудаг гадаадын иргэн ГИХАЭА-нд хандан өөрийн найз нөхөд, гэр бүлээ урьж болно. ГИХАЭА-наас гарсан хувийн буюу Н ангиллын урилгыг виз мэдүүлэх хүндээ  эх хувиар нь /шуудангаар г.м /хүргүүлнэ.

104.  

ГИХАЭА-наас гарсан визийн зөвшөөрлийг виз мэдүүлэх хүндээ хэрхэн хүргэх вэ?

 

В ангиллын 30 хүртэлх хоногтой 1 удаагийн орох-гарах эрхтэй визээс бусад  ангилал, хугацаатай визний зөвшөөрлийг ГИХАЭА олгодог. Тус албанаас гарсан зөвшөөрлийг Гадаад харилцааны яамны КГ-т үйлчилгээний хураамж төлж холбогдох ДТГ-т илгээнэ.

105.  

Чингис хаан нисэх онгоцны буудал дээр виз авч болох уу?

 

Монгол Улсын ДТГ байхгүй орноос ирж буй гадаадын иргэнд онгоцны буудал дээр виз олгоно.

106.  

Монгол Улсын виз олгох эрхтэй өргөмжит консулуудын хаягийг хаанаас авах вэ?

Одоогийн байдлаар 14 гадаадын өргөмжит консул монгол улсын визийг олгож байна. Хаягийг www.consuls.net хуудаснаас авна уу.

107.  

Ямар тохиолдолд оршин суух бүртгэл хийлгэх ёстой вэ?

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн визийн хугацааг дуусахаас ажлын 3 хоногийн өмнө ГИХАЭА хандан түр оршин суух бүртгэл хийлгэж, гарахдаа бүртгэлээс хасуулна.

108.  

Гадаадын иргэд БНХАУ болон ОХУ-аар дамжин Монгол Улсын ямар хилийн боомтуудаар нэвтэрч болох вэ?

Байнгын ажиллагаатай олон улсын Буян-Ухаа /нисэх онгоц/, Сүхбаатар /галт тэрэг/, Алтанбулаг /автомашин/, Замын-Үүд /галт тэрэг болон автомашин/ боомтоор орж, гарч болно.

109.  

Монгол Улсын хилээр тэжээвэр амьтан нэвтрэхэд ямар тусгай зөвшөөрлийг авах ёстой вэ? Ямар бичиг баримтыг бүрдүүлж, ямар байгууллагад хандах вэ?

Таны суугаа орны эрх бүхий байгууллагаас олгосон амьтны эрүүл мэндийн гэрчилгээ (Animal Health Certificate), вакцинжуулал-тын дэвтэр байх шаардлагатай. Улсын хил дээр хорио цээрийн албаны улсын байцаагч эрүүл мэндийн үзлэг хийж, импортын гэрчилгээ олгодог.

110.  

Гадаадын иргэд Монгол Улсад жуулчилж ан хийхэд ямар зөвшөөрлийг ямар байгууллагаас авдаг вэ?

Ан хийх аялал зохион байгуулах эрхтэй жуулчны компанитай холбоо барьж, агнах ангийн зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай. Монгол Улсын Байгаль орчны сайдын 2008.02.26-ны өдрийн 79 дугаар тушаалаар баталсан “Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам”-тай www.mne.mn вэб сайтаас танилцана уу.

Арван гурав. Бусад асуудал

 

111.  

Хилийн чанадад суугаа иргэд Монгол Улсын иргэний үнэмлэхийг шинээр авахад ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

Монгол Улсын иргэн 16 нас хүрмэгц оршин суугаа хороо, дүүргийн засаг захиргааны нэгжид өөрийн биеэр хандан тусгай маягт бөглөж, төрсний гэрчилгээ, регистрийн дугаар бүхий 3 хувь гэрэл зураг зэрэг материалыг бүрдүүлж өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг  www.citizenmongolia.mn вэб сайтаас авна уу.

112.  

Гадаадад удаан хугацаагаар албаны шугамаар, эсвэл суугаа орны удаан хугацааны виз, зөвшөөрөлтэй амьдарч байгаа Монгол Улсын иргэн хүүхдийн мөнгийг заавал Монголд очиж биечлэн хөөцөлдөхгүйгээр хэнд хандаж, ямар материал бүрдүүлж авах вэ?

Хүүхдүүд эцэг, эхийн хамт хилийн чанадад удаан хугацаагаар амьдарч байгаа талаар ДТГ-ын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, өөрийн хамаатан, төрөл садангийн хүний нэр дээр бичсэн итгэмжлэлийг  зэргийг үндэслэн дүүргийн нийгмийн халамжийн хэлтсээс олгож байна.

113.  

Гадаадад удаан хугацаагаар албаны шугамаар, эсвэл суугаа орны удаан хугацааны виз, зөвшөөрөлтэй амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүүхдүүд суугаа орныхоо их, дээд сургуульд төрийн сургалтын сангийн зардлаар БСШУЯ-ны шугамаар улсын захиалга, хуваарьт орох, тэтгэлэг авах боломж бий юу? Бий бол ямар хууль, журам, шаардлага үйлчилж байгаа вэ?

БСШУ-ны сайдын 2006.12.01-ний өдрийн 433 дугаар тушаалаар баталсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-д дотоодын их, дээд сургуулийн оюутнуудын дунд шалгалт зохион байгуулж, сонгон авна гэж заажээ. Та www.edulaws.pmis.gov.mn  вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг  авна уу.

114.  

Нас барсан иргэний өмчлөлд байсан эд хөрөнгө гадаад улсад байгаа тохиолдолд түүнийг хамгаалах, шилжүүлэх, өвлүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Талийгаачийн албан ёсны гэр бүл, үр хүүхэд нь эд хөрөнгийг өмчлөх эрхтэй. Талийгаач эд хөрөнгийг захиран зарцуулах талаар гэрээслэл бичиж, нотариатаар баталгаажуулсан тохиолдолд эд хөрөнгө өвлөгчид шилжинэ. Бусад тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлэнэ. Үл хөдлөх хөрөнгийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгчөөс зөвлөлгөө авна уу.

115.  

Консулын хэлтэс, ажилтны талаарх санал хүсэлтийг хэнд илгээх вэ?

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2005.04.01-ний өдрийн 67 дугаар тогтоолын заалтын дагуу Та ЭСЯ /Элчин сайд/ болон ГХЯ-ны удирдлагад бичгээр эсвэл цахим шуудангаар санал хүсэлтээ гаргаж болно. Бид www.consuls.net вэб сайтаар санал хүсэлт хүлээн авч байна.

шинэчэлсэн. ( 2009/10/14 )